Ажиллагааны ерөнхий мэдээлэл

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2001 оны 12 дугаар сарын 1386 тогтоолоор Умард Атлантын гэрээний байгуулга /НАТО/-ын тэргүүлсэн Афганистаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх олон улсын цэргийн хүчний ажиллагаа эхэлсэн бөгөөд Афганистаны үндэсний армийг сургаж бэлтгэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, чадавхыг сэргээхэд туслах үндсэн үүрэгтэй байсан ба 2006-2011 онд Талибан болон терроризмтэй тэмцэх байлдааны ажиллагааг идэвхтэй явуулсан. Уг ажиллагаанд АНУ, Англи тэргүүтэй НАТО-гийн гишүүн болон гишүүн бус 50 гаруй улс оролцсон, 2010 оны эхээр 700 гаруй цэргийн баазтай НАТО-гийн цэргийн гол ажиллагаа болж байв.

 

Афганистаны аюулгүй байдлыг хангах НАТО-гийн цэргийн ажиллагаа 2014 онд байлдааны бүх ажиллагаагаа зогсоож, хаагдсан бөгөөд зарим цэргийн хүчийг “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд шилжүүлэн үүрэг гүйцэтгүүлсэн.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас дэлхийн халуун цэг болсон Афганистанд цэргийн багаа илгээх нь манай улсын үндэсний аюулгүй байдал, улс төр, дипломатын бодлогыг олон улсын тавцанд бэхжүүлэх, Бельгийн Вант Улстай цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой хэмээн үзэж, цэрэг илгээхээр шийдвэрлэн хошууч Г.Хатанбаатар захирагчтай анхны цэргийн баг 2011 оны 05 дугаар сараас үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Цэргийн хамгаалалтын зориулалттай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Бельгийн Вант Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран Кабулын Олон улсын нисэх буудлын нисэх зурвасын аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэйгээр 2014 оны 12 дугаар сар хүртэл нийт 7 ээлжийн 382 цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн.