“ШИЙДЭМГИЙ ШИЙДВЭР” ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГА

Монгол, Катар улсын Зэвсэгт хүчин хамтран  “Эрэлхэг”, “Шийдэмгий шийдвэр”, “Эрэмгий” цэргийн хээрийн дадлага сургуулиудыг зохион байгуулж байна. 2019 онд явагдсан тус сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний 330, 311, 350, 017, 089, Онцгой байдлын гал унтраах 26 дугаар ангийн зарим бүрэлдэхүүн оролцсон юм. Наймдугаар сарын 15-ны өдөр энэхүү сургуулийн хаалтын ажиллагаанд уригдсан зочид “Барилга байгууламжтай газар оронд зэвсэгт босогчдын эсрэг явуулах тактикийн ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургуультай танилцав. Аяны маршаас явгалах, давшилтын заагийг бүлгээр эзлэх, галаар халхлах, байгууламжийн өрөө, тасалгааг “цэвэрлэх” ажиллагаанд Катар улсын сонсогчид сайтар дадлагажсан нь тэдний нягт нямбай гүйцэтгэлээс тодорхой харагдсан. Түүнчлэн тус улсын сонсогчид манай орны салаа, тасгийн зэвсэглэлийг богино хугацаанд эзэмшсэн нь хоёр улсын цэргийн алба хаагчдын хамтын ажиллагааны үр дүнг илтгэнэ.

    Сургуулийн Катарын талын удирдагч, ахмад Жасим Хамад Жасим Мурдиг сургуулийн дүнгийн цуглааны үеэр хэлсэн үгэндээ, манай академийн 10 дахь элсэлтийн нэгдүгээр дамжааны сонсогчид хээрийн дадлагаа амжилттай дуусгалаа. Агаарын хүчний сонсогчид Монгол Улсад анх удаа ирж хамтарсан сургууль дадлага хийж, тавьсан зорилтоо биелүүлсэндээ баяртай байна. Дадлага сургууль явуулахад тусалсан, хамтран ажилласан Монгол Улсын Зэвсэгт хүчний сургагч багш нар, офицер, ахлагчид болон ар тал, хангалтын бүх хүмүүст талархал илэрхийлье гэлээ.