Ажиллагааны ерөнхий мэдээлэл

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2001 оны 12-р сарын 1386 тогтоолоор НАТО-гийн тэргүүлсэн олон улсын Афганистаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх цэргийн хүчний ажиллагаа Афганистаны үндэсний армийг сурган бэлтгэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, чадавхыг сэргээхэд туслах үндсэн үүрэгтэйгээр эхэлсэн. Ажиллагааны явцад буюу 2006-2011 онд Талибан болон терроризмтэи тэмцэх байлдааны ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. АНУ, Англи тэргүүтэй НАТО-гийн гишүүн болон гишүүн бус 50 орчим улс оролцсон ба 2010 оны эхээр 700 гаруй цэргийн бааз байгуулагдаад байсан.

Афганистаны аюулгүй байдлыг хангах НАТО-гийн цэргийн ажиллагаа 2014 онд байлдааны бүх ажиллагаагаа зогсож, хаагдсан бөгөөд зарим цэргийн хүчийг “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд шилжүүлэн үүрэг гүйцэтгүүлсэн.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас дэлхийн халуун цэг болсон Афганистанд цэргийн багаа илгээх нь манай улсын үндэсний аюулгүй байдал, улс төр, дипломатын бодлогыг олон улсын тавцанд бэхжүүлэх, ХБНГУлстай цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой хэмээн үзэн цэрэг илгээхээр шийдвэрлэж, дэд хурандаа С.Болдбаатар захирагчтай анхны цэргийн баг 2009 оны 12 дугаар сараас үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтарсан цэргийн баг Бадахшан муж дахь Файзабад болон Мазар-И-Шариф хот дахь Мармал баазад байрлан шалган нэвтрүүлэх цэг, эргүүл, баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэйгээр 2014 оны 12 сар хүртэл нийт 10 ээлжийн давхардсан тоогоор 1114 цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн.