MINURCAT

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2007 оны 09-р сарын 25-ны өдрийн 1778 тогтоолоор ЧАД, ТАБНУ дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа Суданы Дарфур мужид дэгдсэн иргэний дайны 200 гаруй мянган дүрвэгсдийн аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн ажиллагаа явуулах үүрэгтэйгээр эхэлж, 2010 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 253 дугаар тогтоол, Батлан хамгаалах сайдын 2008 оны 413 дугаар тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2009 оны 718 дугаар тушаалаар хурандаа Л.Онцгойбаяр захирагчтай I ээлж, 2009 оны 09 дугаар сараас 2010 оны 06 дугаар сар, хурандаа Л.Гансэлэм захирагчтай II ээлжийн цэргийн баг 2010 оны 06 дугаар сараас 12 дугаар сар хүртэл тус тус ЧАД улсад үүрэг гүйцэтгэсэн.

Монгол улсын цэргийн баг MINURCAT ажиллагааны хойд бүсийг бие даан хариуцаж, агаарын болон газрын, өдөр шөнийн, хол ойрын эргүүл, НҮБ болон Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтны аюулгүй байдлыг хангах, цувааны хамгаалалт, Ириба, Бахай, Абече баазын хамгаалалтын үүргүүдийг гүйцэтгэж байсан ба 2009 оны 11 сараас 2 улс дамнасан ажиллагааны 3 секторын “Түргэн байрлах хүчин”-ий үүргийг хүлээсэн. Уг ажиллагаанд 2 ээлжийн нийт 500 орчим ЦАХ үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн.