Цэргийн ажиглагч офицерийн дамжаа:
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Америкийн нэгдсэн Улсын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулсан “НҮБ-ын цэргийн ажиглагч офицерын дамжаа”-г Зэвсэгт хүчний 311-р ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн 2009 оноос өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулж байна. Энэхүү дамжаа нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэх цэргийн офицеруудыг сургаж, бэлтгэх зорилготой.
Дамжааны үргэлжлэх хугацаа ажлын 14 хоног байх бөгөөд өнөөдрийн байдлаар тус дамжаа 13 удаа зохион байгуулагдсан бөгөөд нийт Монгол улсын Зэвсэгт хүчний 200 орчим ЦАХ, Гадаадын 100 орчим ЦАХ-дыг амжилттай сургаж, бэлтгэсэн байна. 
 

2022 онд “Цэргийн ажиглагч офицерын дамжаа”-г шалгаж үнэлүүлэх хүсэлтийг Захиргааны болон Мэргэжлийн удирдах байгууллагаар дамжуулан НҮБ-д хүсэлт гаргасан. Улмаар НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албанаас төлөөлөгч илгээн “Цэргийн ажиглагч офицерын дамжаа”-ны сургалтын явц байдалтай танилцан дүн шинжилгээ хийж, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зохион байгуулагддаг “Цэргийн ажиглагч офицерын дамжаа”-г стандартын түвшинд бие даан зохион байгуулж явуулах бүрэн чадамжтайг илэрхийлсэн “БАТЛАМЖ” олгосон.