АНУ 2003 оны 03 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг удаа дараа зөрчсөн Иракийн эсрэг дайн зарлан, дэлхийн улс орнуудад эвсэлд нэгдэхийг уриалж, Монгол Улсад албан ёсоор хүсэлт илгээсэн юм. Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах бодлогоо хэрэгжүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэх явдал гэж үзэж ирсэн ба Монгол Улсын Засгийн газар 2003 оны 4 дүгээр сард “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд олон үндэстний эвслийн цэргийн хүчнийг дэмжин цэрэг илгээн оролцох түүхэн шийдвэрийг гаргасан юм. Дайны дараах сэргээн босголт-хүмүүнлэгийн ажиллагаа гэсэн улс төрийн онцлог тодорхойлолтойгоор анхны цэргийн багийг 2003 оны 8 дугаар сард илгээсэн нь өдгөөгийн дэлхийд үнэлэгдсэн монгол цэргийн энхийн үйлсийн эхлэл байв. Дэд хурандаа Б.Баярмагнай захирагчтай 1-р ээлжийн цэргийн баг Иракийн Бабил муж, Ал Хиллах хот дах Польшийн тэргүүлсэн олон үндэстний хүчний хариуцлагын бүсэд Чарли баазын хамгаалалтын үүрэг гүйцэтгэж эхэлсэн ба 2006 оноос цэргийн баг Ад Дивания муж дах Эко баазын хамгаалалтад шилжин байрласан.

Уг ажиллагаанд 2008 оны 10 дугаар сарыг хүртэл нийт 10 ээлжийн давхардсан тоогоор 1195 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн.