“Хааны эрэлд” сургуулийг анх 2003 оноос АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор явуулж эхэлсэн ба “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2006 оноос олон улсын сургууль болон өргөжиж Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээний нэг болсон бөгөөд жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж байна.

Оролцогч улс орнуудын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна тэдгээр улс орнуудын найрамдалт харилцаа, цэргийн илтгэлцлийг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг олон улсын тавцанд өсгөхөд онцгой ач холбогдолтой юм.

  • Команд штабын сургууль

Энхийг дэмжих ажиллагааны команд штабын сургуулийг оролцогч улс орнуудын харилцан ажиллагааг нэмэгдүүлэх, хүчний штабын ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн байгууллагууд, түүнийг дэмжигч улс орон, түншүүдийн хоорондын харилцааг сайжруулахад чиглүүлэн зохион байгуулан явуулж байна.

  • Ротын хамтарсан сургалт дадлага

Батальон, ротын захирагч шийдвэр гаргах арга ажиллагаанд сургах, байлдааны бичиг баримт, тооцоо өгөгдөхүүнүүдийг бэлтгэх, тушаал боловсруулах, цэрэгт үүрэг хүргэх, байлдааны тушаал тавих, илтгэл тавих ур чадварыг эзэмшинэ. Мөн зэргэлдээ анги, салбаруудтай харилцан ажиллагаа зохион байгуулах чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ рот, салаагаар эргүүл, цувааны хамгаалтад үүрэг гүйцэтгэх, хүмүүнлэгийн ажиллагааг дэмжих зэрэг энхийг дэмжих ажиллагааны үндсэн тактик, арга техникт дадлагажина.

  • Салаадын хээрийн сургууль

“Хааны эрэлд – 2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үндсэн сургалт болох салаадын хээрийн сургуулийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг амжилттай явуулах олон улсын энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, харилцан ажиллагааг дээшлүүлэх, энхийг сахиулах ажиллагааны нийтлэг тактикийг хөгжүүлэн сургалт дадлагыг дараах хичээлийн цэгүүдээр зохион байгуулан явуулж байна.

  • Явган эргүүл
  • Бүслэн нэгжих ажиллагаа
  • Иргэдийн үймээн самууныг хянах
  • Шалган нэвтрүүлэх цэг
  • Баазын харуул хамгаалалт
  • Хүмүүнлэгийн бараа түгээх
  • Цувааны хамгаалалт
  • Гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн эсрэг арга ажиллагаа
  • Байлдааны талбараас шархтан татан гаргаж анхан шатны тусламж үзүүлэх
  • Энгийн иргэдийг хамгаалах цэг
  • Хүмүүнлэгийн ажиллагаа

Уг сургуулийн үер иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэх зорилгоор явуулж буй томоохон арга хэмжээний нэг нь эмнэлэг-хүмүүнлэгийн ажиллагаа юм. Жил иргэдэд үзлэг, эмчилгээ, барилга-бүтээн байгуулалтын тодорхой төсөл, үйл ажиллагааг АНУ-ын зэвсэгт хүчний мэргэжлийн бүлэг, цэргийн алба хаагч нартай хамтран явуулж ирсэн ба сургуулийн нэр хүнд, хүрээг өсгөх, сум, хорооны иргэдийн эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг авах боломжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.