ТҮҮХ

Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагатай 1999 онд цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулан улмаар 2002 онд Улсын Их Хурлаас “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг баталснаар Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс бүрдсэн юм.

            Энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх үүрэг бүхий “Энхийг сахиулах ажиллагааны сургалтын үндэсний төв”-ийг Батлан хамгаалахын сайдын 2002 оны 3 дугаар сарын 8-ний өдрийн н/09 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн бүтцэд, ЗХЖШ-ын дэргэд байгуулан даргаар нь хошууч Б.Баярмагнайг томилсноор тус төвийн түүх эхэлсэн билээ.

            Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох цэргийн баг, цэргийн алба хаагчдын тоо нэмэгдэж, тэдгээр бүрэлдэхүүнийг гүйцэтгэх үүрэгт нь сурган дадлагажуулах шаардлага үүссэн тул Батлан хамгаалахын сайдын 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн н/63 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн бүтцэд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг дахин байгуулснаар өдгөө 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус төвийн даргаар 2008-2010 онд дэд хурандаа Д.Ганзориг, 2010-2011 онд дэд хурандаа Б.Баатар, 2011-2018 онд хурандаа Б.Бат-Эрдэнэ нар тус тус томилогдон ажилласан. 

            Тус төв нь Ази-Номхон далайн орнуудын энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвүүдийн холбоонд 2009, НАТО-ийн Боловсрол, сургалтын төвүүдийн холбоонд 2014 онд тус тус гишүүнээр элсэн бүс нутгийн хэмжээний энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв болон өргөжиж энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, олон улсын болон хамтарсан сургууль, дамжаануудыг зохион байгуулах үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

            Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ирак, Косово, Исламын бүгд найрамдах Афганистан улс, Сьерра Леоне, Чад, Төв Африкийн бүгд найрамдах улс, Судан, Бүгд найрамдах Өмнөд Судан улсуудад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 100 орчим цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл, “Хааны эрэлд”, “Нүүдэлчин заан”, “Эрс шийдвэр” зэрэг энхийг дэмжих ажиллагааны олон улсын болон хамтарсан 50 гаруй удаагийн сургууль, НҮБ-ийн штабын офицерын, ажиглагч офицерын, сургагч багшийн зэрэг 30 орчим удаагийн дамжаанд давхардсан тоогоор 34000 гаруй дотоод, гадаадын  цэргийн алба хаагчдыг сурган бэлтгээд байна.