2000 онд Монгол Улс олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын гишүүн орны болон хамтын нөхөрлөлийн хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Цэргийн алба хаагчдаа энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн тэр цаг, мөчөөс цэргийн алба хаагчдаа сургаж бэлтгэх, мэдлэг дадлага, чадвар олгох зайлшгүй шаардлага урган гарч, энэ чиглэлийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах сургалтын төв байгуулах санал санаачилга ажил хэрэг эхэлсэн.

Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь анх 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тайван цагийн оронд тоонд нэмэгдэн “ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ТӨВ” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.

 

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын тоо өсөн нэмэгдэх, гүйцэтгэх үүргийн төрөл нэмэгдсэн зэрэг шинэ шалгуур үзүүлэлттэй нүүр тулж байсан тул энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг өөрийн оронд зохион байгуулах, энэ төрлийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний цэргийн баг, цэргийн штабын болон ажиглагч офицеруудыг оролцуулах, харилцан туршлага солилцох замаар энхийг дэмжих ажиллагааны олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулийг зохион байгуулж эхэлсэн. 

Зэвсэгт хүчний тайван цагт хуулиар хүлээсэн гол үүргийн нэг энхийг дэмжих ажиллагааны цар хүрээ тэлж, үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагч, цэргийн багийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ТӨВ”-ийг сургалтын бүлэг, мэдээлэл сүлжээний бүлэг, сургамж судалгааны бүлэг гэсэн бүтэцтэйгээр шинэчлэн байгуулсан.

Дэлхийд энх тайван тогтоох үйлсэд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо дайчлан Монгол Улсын цэргийн алба хаагчдын нэр хүнд олон улсад илүү ихээр үнэлэгдэх болсон нь сургалтын төвийн сургагч багш нарын мэргэжлийн ур чадвар төдий зэрэгт хүрсний үр дүн байлаа.

Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв үүсэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл өөрийн оронд зохион байгуулагдсан энхийг дэмжих ажиллагааны олон улсын болон хамтарсан сургууль дадлага, цэргийн багуудын ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтууд, НҮБ-ын стандарт дамжаануудын сургалт бэлтгэлийг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Ирак, Косово, Сьерра Леоне, Чад, Афганистан, Судан, Өмнөд Судан, Конго, Баруун Сахар зэрэг улс орнуудад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багууд, цэргийн штабын болон ажиглагч офицеруудад мэргэжлийн сургалт бэлтгэлийг чанартай, зохион байгуулж ажилласны үр дүнд энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Монгол цэргийг Дэлхийн цэрэг болгох их үйлсийн үндэс суурийг тавьжээ.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ: Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас дэвшүүлж буй зорилт, бодлогыг хэрэгжүүлэх, энхийг дэмжих ажиллагааны олон улсын болон хоёр талын хамтарсан сургууль дадлага, Команд штабын сургууль, Нэгдсэн үндэстний байгууллагын дамжаанууд, цэргийн багуудын ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг явуулах, ажиллагааны туршлага сургамжид дүн шинжилгээ хийж, сургалтын стандарт, хөтөлбөрийг сайжруулан “Дэлхийд үнэлэгдсэн” энхийг сахиулагчдыг тасралтгүй бэлтгэхэд оршино.

АЛСЫН ХАРАА

Үүсэн байгуулагдсан цагаас эхлэн үндсэн чиг үүргийг биелүүлэх явцад ижил үүрэг бүхий гадаадын улс орнуудын энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвүүдтэй харилцан ажиллаж, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, төлөвлөлт, Зэвсэгт хүчний хөгжлийн бодлоготой уялдуулан энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг “ЭНХИЙГ САХИУЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭГЧ ИНСТИТУЦИ БОЛОХ” алсын хараатайгаар үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын Зэвсэгт хүчний Нэгдсэн Үндэстний байгууллагын болон Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд дахь оролцоо жил тутам өсөн нэмэгдэж байгаатай холбогдон мэргэшсэн энхийг сахиулагчдыг хандивлах, үүрэг гүйцэтгүүлэх зорилтын хүрээнд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн эрхэм зорилгыг дараах байдлаар тодорхойлон ажиллаж байна. “ЭХ ДЭЛХИЙД АМАР АМГАЛАНГ САХИУЛАХ ӨНДӨР ЧАДАМЖ БҮХИЙ ЦЭРГИЙН БАГУУД БОЛОН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫГ БЭЛТГЭХ, СУРГАН ДАДЛАГАЖУУЛАХ”.

ҮҮРЭГ:

  • НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцох цэргийн багуудын ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулах;
  • Энхийг дэмжих ажиллагааны олон улсын болон хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулах;
  • Нэгдсэн үндэстний байгууллагын тусгайлсан дамжаа, Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах;
  • Ажиллагааны туршлага сургамжид үнэлэлт, дүгнэлт хийх.

Үүсэн байгуулагдсанаас хойш 3 тивийн 7 улсад /Ирак, Косово, Сьерра Леоне, Чад, Афганистан, Судан, Өмнөд Судан/ үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч 100 гаруй цэргийн багуудын ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг амжилттай зохион байгуулж, дэлхийд үнэлэгдсэн энхийг сахиулагчдыг сургаж бэлтгээд байна. Мэргэжлийн мэдлэг, ур чадварыг урьтал болгож Нэгдсэн Үндэстний байгууллагын болон бусад улс орны ижил үүрэг бүхий төвүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлж, энхийг сахиулагчдаас суралцах, хичээл заалгах харилцан туршлага солилцож, энхийг сахиулах ажиллагааны 30 орчим тусгайлсан дамжаагаар 250 гаруй офицеруудыг сургаж, бэлтгэн мэргэшсэн сургалтын төв болон батжиж байна.

ХАМТЫН АЖИЛЛАГАА:

Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь гадаадын улс орнуудын болон дотоодын ижил үүрэг бүхий байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг өрнүүлэн харилцан туршлага солилцож, сургалт бэлтгэлийн чанар үр нөлөөг дээшлүүлэн хамтын ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлсээр байна.

       1. Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга байгууллага /GPOI/

Америкийн Нэгдсэн Улсын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн командлалын харьяа Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга байгууллагатай 2009 оноос хамтын ажиллагааг эхлүүлж, Ази-Номхон далайн орнуудын Энхийг сахиулах төвүүдийн холбоонд гишүүнээр элсэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.  

  1. Умард Атлантын Гэрээний Байгууллага /НАТО/-ын Боловсрол сургалтын төвүүдийн түншлэлийн холбоонд /PTEC/ 2014 онд гишүүнээр элсэж, хамтын ажиллагааг өргөжүүлэн НАТО-гийн сургалтын стандартын дагуу цэргийн багуудын ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг зохион байгуулах, харилцан багш солилцох, сургагч багш нарыг бэлтгэх ажиллагааг хэрэгжүүлж байна.
  2. Мөн Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийн Энхийг дэмжих тэнхим, Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэн, Монгол улсын Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Цагдаагийн ерөнхий газрын гадаад хамтын ажиллагааны газар зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн энхийг дэмжих ажиллагааны сургалтын агуулга, чанар, стандартыг сайжруулан энхийг сахиулагчид ажиллагааны газар оронд үүргээ мадаггүй биелүүлэх үүргээ биелүүлж байна.