Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг анх үндэсний энхийг дэмжих сургалтын төв нэртэйгээр 2002 оны 10 дугаар сард байгуулж 2008 оныг хүртэл энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлагыг бусад анги байгууллагын сургагч багш нарын тусламжтайгаар зохион байгуулж байсан.

Монгол улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны төвийг 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Зэвсэгт Хүчний жанжин штабын даргын тушаалаар дахин байгуулж үйл ажиллагаа явуулж байна. 

Монгол улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон цэргийн баг Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцох туршлага хуримтлуулах зайлшгүй шаардлагаар Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг дахин байгуулах болсон. Өнөөгийн энхийн ажиллагаанд оролцсон, оролцож буй Зэвсэгт хүчний цэргийн багуудын үйл ажиллагаанаас хийсэн сургамж, дүгнэлт, сургалтын ачаалалыг харгалзан Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг дахин шинээр бий болгох шаардлага урган гарч ирсэн.

Тус сургалтын төв нь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн бүтцийн нэгжид багтан түүний материаллаг бааз, бусад нэгжүүдээс үйл ажиллагааны дэмжлэг авч сургалт, дадлагуудыг зохион байгуулан явуулж байна.

Өнөөгийн байдлаар ЭДАСТ нь сургалтын, ажиллагааны сургамж судалгаа, мэдээлэл сүлжээ гэсэн З үндсэн төвтэй бөгөөд орон тоогоор 62 албан хаагчтайгаас 57 цэргийн, 5 энгийн албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Тус төвд ажиллаж буй цэргийн алба хаагчдын 80 хувь нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай.