Түүх

Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь анх Батлан хамгаалахын сайдын 2002 оны 03 дугаар сарын 08-ны н/09 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тайван цагийн оронд тоонд нэмэгдэн Энхийг сахиулах ажиллагааны сургалтын үндэсний төв нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.

ЗХЖШ-ын даргын 2002 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 632 дугаар тушаалаар энэхүү үндэсний төвийн даргаар хошууч Б.Баярмагнай /ЗХЖШ-ын дэд дарга асан, бэлтгэл хошууч генерал/, төвийн орлогч дарга, төлөвлөлтийн офицероор ахмад Д.Ганзориг /ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал/, сургагчаар хошууч Д.Энхбаатар /ЗХ-ний ХЗЦК-ын химийн албаны дарга, хурандаа/, ахмад Г.Баясгалан /бэлтгэл хошууч/, ахлах дэслэгч Н.Пүрэвдорж /БХЯ-ны БХЗГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа/, ЦЕГ-ын даргын 2002 оны 243 дугаар тушаалаар шилжин ирсэн ахмад Д.Ариунболд /ЗХ-ний ХШҮГ-ын орлогч дарга, хурандаа/ нарыг тус тус томилогдон ажилласан байна.

Сургалтын төв нь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид харьяалагдаж байсан хэдий ч ар талыг удирдах газрын штабын нэг давхарт байрлан үйл ажиллагаагаа эхлүүлснээр НҮБ-ын ЭСАГ-аас гаргсан ажиллагааны сургалтын гарын авлагуудыг орчуулан эмхэтгэх, нэр томьёог монгол хэлнээ хөрвүүлэх ажлуудыг хийж байсан.

Улмаар энхийг сахиулах ажиллагааны алба ЗХЖШ-ын бүтцэд шинээр бий болсноор 2003 оны 01 дүгээр сард уг сургалтын хөдөлгөөнт төвийг татан буулгасан байна.

Зэвсэгт хүчний тайван цагт хуулиар хүлээсэн гол үүргийн нэг энхийг дэмжих ажиллагааны цар хүрээ тэлж, үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагч, цэргийн багийн багийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан ЗХЖШ-ын даргын 2008 оны 08 дугаар сарын 14-ний н/63 дугаар тушаалаар тус ангийн бүтцэд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг сургалтын бүлэг, мэдээлэл сүлжээний бүлэг, сургамж судалгааны бүлэг гэсэн шинэ бүтэц, орон тоотойгоор зохион байгуулагдсан.