АРТИЛЛЕРИЙН СУРГАЛТЫН ХӨДӨЛГӨӨНТ БАГ

 

 

Ажиллагааны мэдээлэл

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яам хооронд “Афганистаны үндэсний армид туслах техникийн сургалт, засвар үйлчилгээний үүрэг бүхий Монголын багийн тээвэрлэлт, хангалтын тухай” техникийн тохиролцооны дагуу 2003 оны 10 дугаар сараас хурандаа Ж.Ванчинсүрэн захирагчтай анхны сургалтын хөдөлгөөнт баг Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Уг сургалтын хөдөлгөөнд баг “Афганистаны Үндэсний Армийг Хөгжүүлэх Хөтөлбөр”-ийн хүрээнд Афганистан Улсын Үндэсний Армийн Артиллерийн алба хаагчдыг сургаж бэлтгэх, Артиллерийн зэвсэглэлүүдийг засварлах үндсэн үүрэгтэй байсан ба Афганистанд явагдаж байгаа эвслийн цэргийн хүчний ажиллагаанд оролцсоноор Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөх, өөрийн цэргийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг олон улсын түвшинд харьцуулах, туршлага солилцох өндөр ач холбогдолтой байсан.

2003-2012 оны хооронд нийт 13 ээлжинд давхардсан тоогоор 235 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Афганистаны Үндэсний Армийн Артиллерийн 12000 гаруй офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчдыг артиллерийн мэргэжилд сургаж, 800 гаруй их буу, миномёт, танк эсэргүүцэх хэрэгслүүдийг засварлан бие даан байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай Үндэсний Армийг Артиллерийн төрөл мэргэжлийн цэрэгтэй болоход чухал дэмжлэг үзүүлсэн.


АФГАНИСТАН УЛСАД ЯВАГДСАН НАТО-ГИЙН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН АЖИЛЛАГАА

 

Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд НАТО-ын сургалтын ажиллагаа 2009 оноос явагдаж эхэлсэн бөгөөд Афганистаны агаарын цэргийн хүчний бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулахад Монгол Улсын Зэвсэгт хүчний мэргэжилтнүүдийг оролцуулах хүсэлтийг АНУ-с Зэвсэгт хүчний талаас тавьсны дагуу уг ажиллагаанд Зэвсэгт хүчний нисдэг тэрэгний засвар, үйлчилгээний сургалтын баг үүрэг гүйцэтгэж эхэлсэн билээ.

Дэд хурандаа Ч.Болдбаатар тэргүүтэй анхны баг 2010 оны 10 дугаар сард ажиллагааны газар орныг зорьж, 2014 оны 04 дүгээр сар хүртэл нийт 8 ээлж, 48 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн.

Уг сургалтын баг Кабул дах Афганистан Агаарын цэргийн хүчний засвар, техникийн үйлчилгээний хорооны инженер, техникийн бие бүрэлдэхүүнд Ми-17 нисдэг тэрэгний техник ашиглалт, нислэгийн бэлтгэлүүд болон техник үйлчилгээний ажлуудыг технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэх, нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад сурган дадлагажуулах үүрэг гүйцэтгэсэн.

Манай сургагчид Афганистаны Үндэсний Армийн агаарын цэргийн хүчний анги салбарт Ми-17 загварын нисдэг тэрэгний хөдөлгүүр, цахилгаан, тусгай тоноглол, радио электроны тоноглолын мэргэжлээр 250 орчим тусгай мэргэжилтэн бэлтгэж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн нисэхийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд үнэлүүлж чадсан юм.

 


АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

 

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2001 оны 12-р сарын 1386 тогтоолоор Умард Атлантын гэрээний байгуулга /НАТО/-ын тэргүүлсэн Афганистаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх олон улсын цэргийн хүчний ажиллагаа эхэлсэн бөгөөд Афганистаны үндэсний армийг сургаж бэлтгэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, чадавхыг сэргээхэд туслах үндсэн үүрэгтэй байсан ба 2006-2011 онд Талибан болон терроризмтэй тэмцэх байлдааны ажиллагааг идэвхтэй явуулсан. Уг ажиллагаанд АНУ, Англи тэргүүтэй НАТО-ын гишүүн болон гишүүн бус 50 гаруй улс оролцсон, 2010 оны эхээр 700 гаруй цэргийн баазтай НАТО-ын цэргийн гол ажиллагаа болж байв.

Афганистаны аюулгүй байдлыг хангах НАТО-ын цэргийн ажиллагаа 2014 онд байлдааны бүх ажиллагаагаа зогсоож, хаагдсан бөгөөд зарим цэргийн хүчийг “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд шилжүүлэн үүрэг гүйцэтгүүлсэн.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас дэлхийн халуун цэг болсон Афганистанд цэргийн багаа илгээх нь манай улсын үндэсний аюулгүй байдал, улс төр, дипломатын бодлогыг олон улсын тавцанд бэхжүүлэх, Бельгийн Вант Улстай цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой хэмээн үзэн цэрэг илгээхээр шийдвэрлэж, хошууч Г.Хатанбаатар захирагчтай анхны цэргийн баг 2011 оны 05 дугаар сараас үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Цэргийн хамгаалалтын зориулалттай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Бельгийн Вант Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран Кабулын Олон улсын нисэх буудлын нисэх зурвасын аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэйгээр 2014 оны 12 дугаар сар хүртэл нийт 7 ээлжийн 382 цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн.