Ажиллагааны мэдээлэл

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яам хооронд “Афганистаны үндэсний армид туслах техникийн сургалт, засвар үйлчилгээний үүрэг бүхий Монголын багийн тээвэрлэлт, хангалтын тухай” техникийн тохиролцооны дагуу 2003 оны 10 дугаар сараас хурандаа Ж.Ванчинсүрэн захирагчтай анхны сургалтын хөдөлгөөнт баг Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Уг сургалтын хөдөлгөөнд баг “Афганистаны Үндэсний Армийг Хөгжүүлэх Хөтөлбөр”-ийн хүрээнд Афганистан Улсын Үндэсний Армийн Артиллерийн алба хаагчдыг сургаж бэлтгэх, Артиллерийн зэвсэглэлүүдийг засварлах үндсэн үүрэгтэй байсан ба Афганистанд явагдаж байгаа эвслийн цэргийн хүчний ажиллагаанд оролцсоноор Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөх, өөрийн цэргийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг олон улсын түвшинд харьцуулах, туршлага солилцох өндөр ач холбогдолтой байсан.

2003-2012 оны хооронд нийт 13 ээлжинд давхардсан тоогоор 235 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Афганистаны Үндэсний Армийн Артиллерийн 12000 гаруй офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчдыг артиллерийн мэргэжилд сургаж, 800 гаруй их буу, миномёт, танк эсэргүүцэх хэрэгслүүдийг засварлан бие даан байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай Үндэсний Армийг Артиллерийн төрөл мэргэжлийн цэрэгтэй болоход чухал дэмжлэг үзүүлсэн.