Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд НАТО-ын сургалтын ажиллагаа 2009 оноос явагдаж эхэлсэн бөгөөд Афганистаны агаарын цэргийн хүчний бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулахад Монгол Улсын Зэвсэгт хүчний мэргэжилтнүүдийг оролцуулах хүсэлтийг АНУ-с Зэвсэгт хүчний талаас тавьсны дагуу уг ажиллагаанд Зэвсэгт хүчний нисдэг тэрэгний засвар, үйлчилгээний сургалтын баг үүрэг гүйцэтгэж эхэлсэн билээ.

Дэд хурандаа Ч.Болдбаатар тэргүүтэй анхны баг 2010 оны 10 дугаар сард ажиллагааны газар орныг зорьж, 2014 оны 04 дүгээр сар хүртэл нийт 8 ээлж, 48 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн.

Уг сургалтын баг Кабул дах Афганистан Агаарын цэргийн хүчний засвар, техникийн үйлчилгээний хорооны инженер, техникийн бие бүрэлдэхүүнд Ми-17 нисдэг тэрэгний техник ашиглалт, нислэгийн бэлтгэлүүд болон техник үйлчилгээний ажлуудыг технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэх, нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад сурган дадлагажуулах үүрэг гүйцэтгэсэн.

Манай сургагчид Афганистаны Үндэсний Армийн агаарын цэргийн хүчний анги салбарт Ми-17 загварын нисдэг тэрэгний хөдөлгүүр, цахилгаан, тусгай тоноглол, радио электроны тоноглолын мэргэжлээр 250 орчим тусгай мэргэжилтэн бэлтгэж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн нисэхийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд үнэлүүлж чадсан юм.