ТЭМЦЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 33 НЭГТГЭЛ, АНГИЙН 300 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

       Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 27-ны өдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн буудлага, саадын зурвас, мэргэн буудагчийн хоёр төрөлтийн тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.

         Нээлтийн ёслолд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Сургалт бэлтгэлийн газрын даргын орлогч, Сургалтын бодлогын хэлтсийн дарга хурандаа Ш.Гантулга, Биеийн тамирын тасгийн дарга хурандаа Д.Цог-Эрдэнэ болон Зэвсэгт хүчний нэгтгэл ангийн захирагч, баг тамирчид оролцлоо.

         Эдгээр тэмцээнд Зэвсэгт хүчний 33 нэгтгэл, ангийн 300 гаруй баг тамирчид оролцож байгаа ба үүнээс гадна Зэвсэгт хүчний Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор 2000 гаруй цэргийн алба хаагч цугларч, бэлтгэлдээ ороод байна. 

        Энэ жилийн Зэвсэгт хүчний Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 03-10-ны өдрүүдэд болно. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд болох бөгөөд уг тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын цэргийн алба хаагчид оролцдогоороо онцлог юм.

          Эдгээр тэмцээн нь цэргийн алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах, цэргийн хэргийн дадлага, ур чадварыг нь нэмэгдүүлэх үндсэн зорилготой.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter