АЖИЛЛАГААНЫ ӨМНӨХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

БНӨСУ-д явагдаж байгаа “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Xll ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх сургалтаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд амжилттай зохион байгуулж, дуусгалаа.
Цэргийн баг ажиллагааны өмнөх сургалтыг “Нэг бүрийн бэлтгэл”, “Салбарын жигдрэлт”, “Цэргийн багийн жигдрэлт” гэсэн гурван шатаар зохион байгуулж, цэргийн алба хаагч нэг бүрийн бэлтгэлжилт, салаа, рот, багийн жигдрэлтийг хангасан юм.
Ажиллагааны өмнөх сургалтаар бие бүрэлдэхүүнд сэтгэл зүй, бие бялдрын тэсвэр хатуужлыг олгох, мэдлэг, ур чадвар, дадлыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт, харилцан уялдаа бүхий арга хэмжээнүүдийг зохион байгуулж, ажилласан нь цэргийн багийг богино хугацаанд жигдрүүлэх, бие бүрэлдэхүүний нөхөрсөг, нийтэч байдлыг төлөвшүүлэхэд үр дүн өгсөн байна.
Мөн шат бүрийн сургалтыг мэдээлэл, сурталчилгаа, соёл, олон нийт, сэтгэл зүйн хангалтын ажил, арга хэмжээтэй уялдуулан, цэргийн алба, материал, техникийн хангалтын ажилтай нийцүүлэн зохион байгуулснаар ажиллагааны өмнөх сургалт амжилттай явагдах нөхцөл бүрдсэн.
Цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаа цэргийн алба хаагчид Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарт явагдаж байгаа цэргийн сургалтын арга хэмжээнд идэвх, санаачлагатай оролцож, өөрийгөө хөгжүүлэн, хэлний болон бусад мэдлэг, ур чадвар, дадлыг нэмэгдүүлснээр ажиллагааны өмнөх сургалт, ажиллагааны үеийн үүрэг гүйцэтгэлт хялбар байх болно гэдгийг үүгээр уриалж байна.
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter